Thursday, March 6, 2014

Монгол хэл Б.Ринчин




Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бүр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт түмэн юүгээ бишрэн магтам уу

Урьдийн бэрх цагт улс монголын хэтийн заяаг
Уйтгарлан бодоход урам зоргийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгүүлсэн
Өрнөн мандахын шинж бүрдсэн өвгөдийн минь хэл

Мөрөн гол цутгалант ширгишгүй их далай мэт
Мөгхөд үр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бүгдийг нэвтрүүлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл минь

Өсөх наснаас өтлөх нас хүртэл чам юугаа судлан
Өдөр бүр үгсийн санг чинь баярлан түүнэм
Түмэн түмэн үеийн үлэмж сангийн үүдийг чинь
Дэлгэх бүр сэтгэл сэргэн магнайн үрчлээ тэнийнэм

Түгшүүрт бэрхийг даван туулсан баатар түмний минь
Түвшин соёл эрдэнэ юугаа мандуулахын гэгээн улирал нээгдсэнд
Сэлбилгүй сэцэн оюунтан хэл юугаа энхрийлэн хөгжүүлюү хэмээн
Сэтгэл урмас бадран бахдам үсэн буурал өтгөс би

Хутаг өлзий бүрдсэн хувь их заяат түмний минь
Хурц авьяаст дүү нар
Халуун элэгтэн хотлоороо
Эгшиг сайхан  монгол хэл юугаа нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг төгс юутай сайхан.
Нийтэлсэн:Админ

No comments:

Post a Comment